"УРАН НУГАРАГЧ ӨВГӨН" Ц.ШАРАВСАМБУУ
1965 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ажлаар ирсэн Улсын циркийн ахмад жүжигчин Д.Гомбо гэдэг хүн Ц.Шаравсамбууг зочид буудлын өрөөндөө дуудан уулзаад зарим нэг хөдөлгөөн хийлгэн үзжээ.
Энэ хүн бол манай циркээс өмнө хувийн циркчин байсан хүн байна. Одоо 72 настай хүнээр үүнээс өөр хөдөлгөөн хийлгэж болохгүй. Би хотод очоод дарга нар зөвшөөрч, зардал мөнгөний арга олдвол энэ өвгөнийг хотод аваачиж дасгал хийлгэж цөөн боловч ховор хөдөлгөөнийг олон түмэнд үзүүлэх санаатай байна гэж ярьсан гэдэг. Үүний дараа жүжигчин Д.Гомбын бичсэн "Уран нугарагч өвгөн" нийтлэл Үнэн сонинд хэвлэгдсэн ажээ.
Ц.Шаравсамбуу нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 1893 онд төрсөн. Бага наснаасаа хурдан шаламгай хөдөлгөөнтэй, элдэв янзын дүрс хөдөлгөөн хийж үзүүлдэг, залуу насандаа хүчит бөхөөр барилдаж байсан 2м орчим өндөр, том биетэй хүн байсан хэмээн нутгынхан дурсан ярьдаг байна.

