Улаан талбайд монгол цэргээ командалсан дэд хурандаа Э.Билэгсайханд хурандаа цол олгожээ
ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчид цэргийн одон медалиар шагнагдахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг гардуулан өгч, баяр хүргэлээ
Хурандаа Э.Билэгсайханы гэргий Х.Эрдэнэтуяа мөн хурандаа цолтой бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд ерөнхий цэргийн команд мэргэжлээр 4 жил бэлтгэгдэж төгссөн, өдгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилладаг аж. Тэд ийнхүү ерөнхий цэргээс төрсөн хурандаа цолтой гэр бүл боллоо