Тажикистаны Ерөнхийлөгчийн Монгол дахь төрийн айлчлал: 11 баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэлээ
Долдугаар сарын 20–21-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ нь Тажикистаны төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй 17 жилийн дараах анхны төрийн айлчлал бөгөөд өмнөх айлчлал 2009 онд болж байв.
Айлчлалын үеэр хоёр улсын тал худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, аж үйлдвэр, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнүүд нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлийн тод илэрхийлэл болохыг онцлов.
Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
* Хөдөө аж ахуй – Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судална.
* Эрчим хүч – Усан цахилгаан станцын хөгжлөөр Төв Азид тэргүүлэгч Тажикистаны туршлагыг Монгол Улс ашиглаж, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.
* Тээвэр, логистик – Транзит тээврийн шинэ чиглэлүүдийг хөгжүүлж, Монголын болон Төв Азийн бүс нутгийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцов.
* Уур амьсгал, байгаль орчин – Монголын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг Тажикистаны “Үндэсний ногоон хөгжил–2040”, “2030 он хүртэлх хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр”-тэй уялдуулан хамтран ажиллана.
* Боловсрол – Мал аж ахуй, усан цахилгаан эрчим хүч, усалгааны инженерчлэлийн чиглэлээр оюутнуудад тэтгэлэг олгож, хүний нөөц бэлтгэнэ.
* Аялал жуулчлал – Тажикистаны “Feel the Friendship” болон Монголын “Go Mongolia” брэндүүдийг нэгтгэн хамтарсан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлнэ.
Мөн айлчлалын хүрээнд Монгол–Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулагдлаа. Ойрын хугацаанд Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэлийн бүтээгдэхүүнүүд хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэгдэж эхлэхээр болжээ.

