Орос-Монголын өсвөрийн геологичдын II олимпиад өнөөдөр Алтайд эхэлнэ
Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Алтай Улсад Орос-Монголын өсвөрийн геологичдын II олимпиадыг албан ёсоор нээх ёслол болно.
Тус олимпиадад хоёр улсаас тус бүр таван баг, нийт 40 орчим өсвөрийн геологич оролцож байна. Монголоос таван баг, түүний дотор “Русский дом”-ын баг оролцож байгаа бол Оросын талаас Улаан-Үд, Кемерово, Томск, Чита, Горно-Алтайск хотын сурагчид өрсөлдөх юм.
Тэмцээн долоодугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид геологийн найман төрлөөр мэдлэг, ур чадвараа сорих аж. Үүнд геологийн маршрут, палеонтологи, минералоги ба петрографи, шлихийн сорьцлолт, гидрологи, геофизик, хээрийн бааз байгуулах аргачлал болон аюулгүй ажиллагааны үндэс зэрэг багтаж байна. Мөн оролцогчдод зориулсан аялал, уралдаан тэмцээн, спортын тоглолт, лекц зохион байгуулагдана.
Анхны олимпиадыг 2025 онд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Русский дом

