Орон сууцны залилангийн хэргийг шалгах ажлын хэсэг байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал орон сууц худалдан авахтай холбоотой залилангийн хэргүүдийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууцтай холбоотой залилангийн 1,167 хэрэг бүртгэгдэж, нийт 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Одоогийн байдлаар 259 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа бөгөөд эдгээрт 995 иргэн хохирогчоор тогтоогдсон байна. Нийт хохирлын хэмжээ 64.5 тэрбум төгрөг бөгөөд 79 иргэн, 22 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор шалгаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал “Орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлсөн ч байраа хүлээн авч чадаагүй иргэд шударга ёсыг тогтоолгох ёстой” хэмээн онцоллоо.

