Засгийн газар 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ. Шадар сайд Н.Номтойбаярын мэдээлснээр, наймдугаар сарын 1-нээс эхлэн Ховд, Баян-Өлгий аймгаас бусад бүх аймагт баяр наадам, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг түр хязгаарлах юм.
Энэхүү шийдвэр нь өвөлжилтийн бэлтгэлд бүх хүч, нөөцөө төвлөрүүлэх зорилготой бөгөөд малын тэжээл, өвс бэлтгэх, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, дэд бүтцийг хүйтний улиралд бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Долдугаар сарын 20-нд Ерөнхий сайд Н.Учрал аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай дуусгах үүрэг өгсөн байна. Хурлаар эрчим хүчний хангамж, авто замын засвар, алслагдсан сумдыг түлш, шатахуунаар хангах, дулааны цахилгаан станцуудын засварын ажлыг хугацаанд нь дуусгах асуудлыг хэлэлцжээ.
Мөн Шадар сайд Н.Номтойбаяр есдүгээр сарын 15-наас өмнө орон нутгуудын бэлтгэлтэй биечлэн танилцах бол салбарын сайд нар аймгуудад ажиллан, дулаан хангамж болон бусад тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.

