Наймдугаар сард Орос улс Монголд 60 мянган тонн шатахуун нийлүүлнэ
Шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун түгээх станцууд дээр олон цагаар дараалал үүсгээд буй энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням наймдугаар сард Монгол Улсад нийт 66 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэгдэхээр болсныг мэдэгдлээ.
Үүнээс 50 мянган тонныг ОХУ-ын "Роснефть" компани, 10 мянган тонныг Оросын бусад нийлүүлэгчид, 6 мянган тонныг БНХАУ нийлүүлэх юм. Мөн БНСУ-аас сар бүр 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ.
Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийн гол эх үүсвэр нь хэвээрээ Орос улс бөгөөд түлш, шатахууны салбар дахь гол түнш хэвээр байна. Оргил ачааллын улиралд Монголын сарын бензиний хэрэгцээ 70 мянган тоннд хүрдэг.
Засгийн газар шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангахын тулд шуурхай арга хэмжээ авч, 24 цагаар ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шуурхай штабын хурал болох юм.
Эх сурвалж: UBN

