Монголын багш Олон улсын Пушкины уралдааны шилдгүүдийн нэгээр шалгарлаа
Арвайхээр хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орос хэлний багш Баяртогтох Жигжидсүрэн XXVI удаагийн Олон улсын Пушкины уралдааны 50 шилдэг оролцогчийн нэгээр шалгарлаа.
Тус уралдаанд дэлхийн 39 орны оролцогчдоос нийт 400 орчим бүтээл ирүүлсэн байна.
Энэ жилийн уралдааны оролцогчдод «Орос хэл Правдагийн гудамжинд. Танай улс, танай сургуульд орос хэл хэрхэн оршин тогтнож байна вэ?» сэдвээр эргэцүүлэн бодож, өнөөдөр орос хэл ямар нөхцөлд хэрэглэгдэж байгаа, багш нар ямар бэрхшээлтэй тулгардаг, мөн тэднийг ажил мэргэжлээ үргэлжлүүлэн хийхэд юу урам зориг өгдөг талаар өгүүлсэн бүтээл бичихийг санал болгожээ.
Есдүгээр сард уралдааны шилдэг оролцогчид Москва хотноо цуглаж, тусгай хөтөлбөрт хамрагдсан байна. Оролцогчдод хотын аялал, музей, театрын үзвэр, нээлттэй хичээл болон мастер сургалтуудыг зохион байгуулжээ.
Баяртогтохын хувьд энэ нь ОХУ-д анх удаа очсон аялал болсон байна.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Оросын ордон

