Монгол, япон археологичид Чингис хааны сургаал бүхий хусны үйсэн бичээсийн хэсгүүдийг илрүүлжээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших буддын шашны Олон сүмийн цогцолборт хийсэн археологийн малтлагаар эрдэмтэд эртний монгол бичгээр бичсэн хусны үйсэн номын 30 орчим хэсгийг илрүүлжээ.
Уг судалгааг 2025–2026 онд Монгол, Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд явуулсан байна.
Олон сүмийн туурь анх 100 орчим жилийн өмнө судлаачдын анхаарлыг татаж байсан бол энэ удаагийн малтлагаар түүхийн шинэ баримтууд ил болжээ.
Монгол, япон судлаачдын хийсэн малтлагын үеэр монгол бичгээр бичсэн хусны үйсэн гар бичмэлийн 30 фрагмент, ханын зураг болон буддын шашинтай холбоотой олон тооны эд өлгийн зүйлсийг илрүүлсэн байна.
Тэдгээрийн дотор Чингис хаанаас хөвгүүд болон дүү нартаа зориулан айлдсан сургаалын нэгэн хэсэг багтжээ. Эрдэмтэд уг хэсэг нь “Алтан товч”-д тэмдэглэгдэн үлдсэн Чингис хааны сургаалын тексттэй тохирч байгааг тогтоосон байна.

