Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол–Оросын хилийн шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт хэрэгжиж буй Монгол–Оросын улсын хилийг шинэчлэн тогтоох хамтарсан ажлын явцтай танилцлаа.
Улсын хамгийн хойд цэг болох Монгол шарын даваанд хилийн шинэ 350 дугаар тэмдэг-ийг суурилуулсан байна. Энэхүү ажил нь 2021 онд Монгол, Оросын Ерөнхийлөгч нарын хүрсэн тохиролцооны дагуу хоёр улсын 3543 км урт улсын хилийг хамтран шалгаж, шинэчлэн баталгаажуулсны дараа НҮБ-д бүртгүүлэх зорилготой хэрэгжиж байгаа юм. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын хилийг эцэслэн баталгаажуулах нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэл болон найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, байгалийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж буй хилийн цэрэг болон хамтарсан комиссын гишүүдэд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

