Кызыль хотод Буриад, Халимаг, Тувагийн тэргүүн нар гурван талт уулзалт хийлээ
IV Олон улсын буддын шашны форумын хүрээнд Кызыль хотод Буриадын тэргүүн Алексей Цыденов, Халимагийн тэргүүн Бату Хасиков, Тувагийн тэргүүн Владислав Ховалыга нарын гурван талт уулзалт боллоо.
Уулзалтаар буддын шашны боловсролыг хөгжүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал болон соён гэгээрүүлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн ОХУ-ын буддын шашинт бүс нутгуудыг дөрөв дэх удаагаа нэгтгэж буй тус форумын уламжлал, залгамж чанарын талаар ярилцжээ.
Уулзалтын төгсгөлд талууд буддын шашны бэлгэдэл бүхий дурсгалын зүйлсээр харилцан бэлэг солилцов. Алексей Цыденов Тувагийн тэргүүн Владислав Ховалыгад Ногоон Дарь эхийн (Ногоон Тара) танка, Халимагийн тэргүүн Бату Хасиковт Цагаан Дарь эхийн (Цагаан Тара) танка бэлэглэжээ.

