ИВАН КОРОСТОВЕЦ - ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН ДИПЛОМАТ
8 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Улаанбаатар хот дахь Русский Дом-д Оросын нэрт дипломат, дорно дахины судлаач Иван Яковлевич Коростовец (1862–1933)-ийн мэндэлсний 164 жилийн ойд зориулсан жил бүрийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Монгол-Оросын харилцааны түүхэнд чухал хуудас нээсэн энэхүү дипломатчийн хөшөөг Улаанбаатар хот дахь Русский Дом-ийн өмнө босгосон байдаг.
И.Я.Коростовец дипломат замналаа 1884 онд эхлүүлж, Бээжин, Лиссабон, Порт-Артур болон Хаант Орос улсын бусад дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байжээ. Тэрээр 1905 оны Портсмутийн энхийн хэлэлцээрт оролцож, 1912 онд Нийслэл хүрээний Оросын дипломат төлөөлөгчийн газрыг тэргүүлж байжээ.
1912 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл хүрээнд Иван Коростовец Хаант Орос улсын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнтэй Монгол-Оросын гэрээнд гарын үсэг зурсан нь XX зууны эхэн үеийн Монголын түүхэн дэх дипломатын нэн чухал үйл явдал болсон юм.
Коростовец нь дипломат үйл ажиллагаанаас гадна утга зохиол, түүхийн томоохон өв үлдээсэн. Түүний «Чингис хаанаас Зөвлөлт бүгд найрамдах улс хүртэл» ном нь тухайн үеийн Монголын улс төр, нийгмийн амьдралын үнэ цэнтэй гэрчлэл болсон юм.
Энэхүү дурсгалын арга хэмжээний хүрээнд И.Я.Коростовецийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болох бөгөөд “Их мөрний гүүр: И.Я.Коростовецийн төлөөлөгчийн газрын дурсамж” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
Мөн "КуполDом" ХХК-ийн «Сделано в России» үндэсний брэндийн бөмбөгөр оройтой байшин (купольный дом)-гийн загварыг олон нийтэд танилцуулах болно.
📅 8 дугаар сарын 25-ны өдөр | 11:00 цагт
📍 Русский Дом в Улан-Баторе

