Хятад улс Монголд COP17 зохион байгуулахад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад зориулж БНХАУ Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
Тусламжийг хүлээн авах, шилжүүлэх баримт бичигт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар наймдугаар сарын 10-нд гарын үсэг зурсан байна.
COP17 нь наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 197 орны төлөөлөгч оролцох юм.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-ын зүгээс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлж, цөлжилттэй тэмцэх, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хэргийг түр хамаарагч Цао Ли Монгол Улсад цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр цаашид ч боломжийн хэрээр дэмжлэг үзүүлж, хоёр талын хамтын ажиллагааны үр дүн Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхөд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.5 хувь нь газрын доройтолд өртсөн энэ үед COP17 нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

