Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын шинэ цогцолбор байгуулна
Монгол Улсын Засгийн газар Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний цогцолбор байгуулах шийдвэр гаргалаа. Энэ талаар долдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдааны дараа Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэв.
30 мянган хүний суудалтай байхаар төлөвлөж буй шинэ цогцолборт үндэсний бөх, сурын харваа, хурдан морины уралдаан зэрэг наадмын гурван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёлын арга хэмжээг хүлээн авах боломж бүрдэх юм. Цогцолборын эхний бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ” ашиглалтад ороод байна.
Төслийн урьдчилсан өртөг 100 тэрбум төгрөг орчим гэж тооцоолжээ. Санхүүжилтийг улсын болон нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн сайн дурын хандивын эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөж байна.

