ХОВДООС БИЙСК ХОТНОО БЭЛЭГ ХҮРГЭСЭН ТҮҮХ
("Улаан Одхон" сонины нийтлэл)
Дэлхийн II дайны үед Монголчууд Зөвлөлтийн ард түмэн, улаан армид нэлээд тусламж үзүүлсэн түүхтэй. Үүний нэг бол тэртээ 1943 онд Ховд аймагт цугларсан 240 тонн бэлгийг хойд хөрш Зөвлөлтийн Улаан армид хүргэхээр 1200 тэмээнд ачиж, 108 жинчин хөдөлжээ. Тэд сүрлэг өндөр даваа, ус мөрнийг гатлан өвлийн цагаар монгол эрчүүдийн хатуужил, тэвчээрийг шалгасан ирэх, очих нийт 2700 км замыг 230 хоногийн турш туулж Бийск хотод хүрсэн түүхтэй.
Түүх түүхээрээ үлдэж, жинчдийн байгуулсан гавьяа мартагдах учиргүй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсан энэхүү цувааг 18 настайдаа ахалж явжээ.
БЭЛГИЙН ХАНДИВ ЦУГЛУУЛАВ
Тэрээр ийнхүү дурсан ярьжээ. Дэлхийн II дайны хүнд жилүүдийн нэг буюу 1942 оны зун Ховд аймагт Германы фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах “бэлэг цуглуулах” сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм.
Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын нэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг.
Фронтод сайн дураар бэлэг хандив цуглуулах хөдөлгөөний явцад манай Манхан сумын захчин ардууд 2700 шахам агт морь, 500.000 орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Ардууд хонь, үхрийн мах борлуулан бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээгээ бэлэглэж байв.
Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлгийг хүргэх 108 хүнтэй том цувааг ахлах үүргийг 18 настай эвлэлийн үүрийн дарга надад оногдууллаа.
Энэ даалгаврыг аймгийн яамны төлөөлөгч н.Батдэлгэр, сумын удирдлага Н.Дорж, Г.Чойжинжав, Б.Балжаа нар надад өгөхөд баярлан хүлээн авч байв. Багуудад зар тараан явж 1200 орчим тэмээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцсаа нэг бүрчлэн базаав.
1942 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НД АЛСЫН ЗАМД ГАРЛАА
Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс бүрдэв. Хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа.
Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай явна, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээндээ хивлэг авхуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдөлнө. Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч хадгалагдаж байна.
ЗАМЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ ХЭСЭГ
ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет-Аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул халтиргаатай газар тэмээд гулсаж халтираад хэцүү боллоо.
Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана.
Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ халтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээнд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа.
Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотод амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хууранд урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа.
Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудасны ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж.
12 дугаар сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет -Аманы даваа өөд 8 дугаар багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ.
Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан н.Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч тусалж байв.
Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ.
БИЙСК ХОТОД ХҮРЧ ОЧИВ
Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээндээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав.
Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа.
Жинчин хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Биднийг буцахад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачуулан буцаав.
Фронтод бэлэг хүргэх хүнд хэцүү аяллын үеэр миний мэдэж авсан бас нэгэн зүйл бол монгол мал тэр дундаа тэмээний тэсвэр тэвчээр, хүч чадал асар их байлаа. Алдарт хэцүү Чекет -Аманы даваа давахад зарим тэмээндээ 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байлаа. Тэмээнээсээ хэд дахин том ачаа дайвалзан мөн ч сүртэй аймаар харагдана. Нэг ч ачаа орхих эрх бидэнд байгаагүй.
1943 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НД БУЦАЖ ИРСЭН
Бид тавдугаар сард Манхан суманд буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоногийн турш туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа хүргэх ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм. Энэ явдлаас хойш 57 жил өнгөрсөн боловч бүх зүйл миний санаанд өчигдөр мэт л тодхон байна.
Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ хэмээн тэрээр дурсжээ.
Н.ЛХАГВА
Оформите заявку на сайте, мы свяжемся с вами в ближайшее
время и ответим на все интересующие вопросы.

