ТҮҮНЭЭС ИЛҮҮ ЭНГИЙН МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ДҮРСЭЛСЭН ХҮН ҮГҮЙ / ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиковтой хийсэн ярилцлага
1912 он. Манж Чин улсын эрхшээлд хоёр зуу гаруй жил байсан Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглаад удаагүй байлаа. Гэвч дэлхийн томоохон гүрнүүдийн аль нь ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэж яарсангүй.
Есдүгээр сарын сүүлчээр Өргөөд Оросын дипломатч Иван Коростовец хүрэлцэн ирэв. Ердөө хэдхэн сарын дотор тэрээр тухайн үед бараг боломжгүй мэт санагдах үр дүнд хүрч чадсан юм. Богд хаант Монгол Улсын Засгийн газартай хийсэн амаргүй, нөр их хэлэлцээний эцэст арваннэгдүгээр сарын эхээр Орос, Монгол хоёр улс хоорондын хэлэлцээр байгууллаа. Энэ нь шинээр тусгаар тогтносон Монгол Улс олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх үйл явцын эхлэл болсон юм.
Иван Коростовец бол яах аргагүй тухайн үеийн гарамгай дипломатчдын нэг. Гэхдээ түүний авьяас зөвхөн дипломат ажиллагаагаар хязгаарлагдсангүй. Тэрээр бас гайхалтай бичгийн хүн байжээ.
Профессор Батсайханы ачаар Коростовецийн тэмдэглэл хожим тусдаа ном болон хэвлэгдсэн юм. “Монголд өнгөрүүлсэн есөн сар” бол зүгээр нэг дипломатчийн өдрийн тэмдэглэл биш. Энэ бол XX зууны эхэн үеийн Монгол орон, монголчуудын ахуй амьдралыг нүдэнд харагдтал дүрслэн үлдээсэн түүхийн үнэт өв, тухайн цаг үеийг танин мэдэх хосгүй эх сурвалж билээ.

