ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛНЭ
Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус станц нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрахын зэрэгцээ тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм.

