5-р сарын 27-ны өдөр Москва дахь ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд “Монгол аялгуу” морин хуурын сургалтад хамрагдаж буй сурагчдын тайлан тоглолтыг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт “Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах” хэмээн заасан зорилтын хүрээнд хэрэгжүүлэв.
ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр тус арга хэмжээг нээн үг хэлж, морин хуурч хүүхдүүдийн тайлан тоглолтод амжилт хүсэв. Тэрбээр Морин хуурын сургалтын төвийн багш Гнесинийхэний нэрэмжит Оросын хөгжмийн академийн магистрант, морин хуурч Т.Жаргалсайханы хичээл зүтгэлийг үнэлж олон хүүхдэд морин хуур хөгжим дээр тоглохыг заан сургаж буйд талархал илэрхийлэв.
Тус ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд 2024 оноос эхлэн Морин хуурын сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа Москва хотноо сурч, амьдарч буй авъяаслаг хүүхдүүд ийнхүү тайлан тоглолтоо хийж, ЭСЯ-ны хамт олон, Москвад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл, хүүхдүүд өргөнөөр оролцлоо.
Тоглолтод сурагч Э.Тэнүүнбуян “Халуун элгэн нутаг”, “Ёохор”, Б.Энх-Амгалан “Нэр үгүй салхи”, Ч.Чинбилэг “Аав ээж хоёр минь”, М.Содгэрэл “Улаанбаатарын үдэш”, “Жалам хар”, Б.Бадамханд “Манан”, Б.Энхчимэг “Аравт”, Э.Одмаа “Алтан өргөө”, Э.Тэнүүнбуян, Б.Энх-Амгалан нар “Миний сайхан ээж”, М.Содгэрэл, Ч.Чинбилэг, Б.Бадамханд нарын гурвал “Баруун Монгол ардын татлага”, Б.Энхчимэг, Б.Бадамханд, Э.Одмаа, М.Содгэрэл нарын дөрвөл Ж.Чулууны хөгжим “Адажио”-г тоглож сонирхуулав.
Энэхүү тайлан тоглолтод Т.Жаргалсайхан багшийн шавь, Москвагийн П.Чайковскийн нэрэмжит Консерваторийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын туслах, морин хийлч А.О.Кобрина оролцож “Жонон харын явдал” аялгууг чадварлаг тоглон ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
Тоглолтын төгсгөлд бүх сурагчид Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г хамтран тоглосноор тайлан тоглолт өндөрлөв.
Эх сурвалж: Посольство Монголии в РФ

