Ерөнхий сайд Н.Учрал Loro Piana компанийн захиралтай Монголын ноолуурын ирээдүйн талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Италийн алдарт Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арнотой уулзаж, Монголын ноолуурын салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Фредерик Арно COP17-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
Loro Piana компани Монгол Улстай 40 орчим жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Тус компанийн үүсгэн байгуулагчид 1980-аад оноос Монголын малчдаас ноолуурыг зуучлагчгүйгээр шууд худалдан авч эхэлсэн түүхтэй. Өнөөдөр хамтын ажиллагаанд зөвхөн ноолуурын чанараас гадна малын эрүүл мэнд, малчдын сайн сайхан байдал, бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалах асуудалд онцгой анхаарч байна.
Сүхбаатар аймгийн таван суманд хэрэгжүүлж буй “Resilient Threads” хөтөлбөр нь орон нутгийн иргэдийг дэмжих, зүүн талын хээрийн экосистемийг хамгаалахад чиглэж байгаа бөгөөд цаашид бусад бүс нутагт өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болох зорилт тавьж байгааг онцоллоо.
Мөн Loro Piana компани Монголын инженерүүдийг бэлтгэх, малчдад хөрс хамгаалах арга технологийг эзэмшүүлэх сургалт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол ноолуурын үнэ цэнэ, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газрын

