1939 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11-НД ХАЛХГОЛЫН ОРЧИМД ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН.
1939 оны 5 дугаар сарын 11-нд Улаан арми болон Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ Халхголын орчимд Японы түрэмгийллийг няцаах хамтарсан цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм.
Монгол руу довтлохоосоо өмнө буюу 1931 онд Тэнхлэгийн орнуудын нэг болох Япон Хятад руу халдаж, Квантуны арми дайн зарлалгүйгээр Манжуурыг урван мэхлэн эзлэн түрэмгийлэв. 1931 оны 10 дугаар сарын 8-нд Японы Эзэн хааны нисэх хүчин Хятадын Жиньжоу хотод довтолж, дэлхийн түүхэн дэх энгийн иргэдийн хотыг агаараас бөмбөгдсөн анхны тохиолдлыг үйлдсэн юм.
1936 онд Японы Засгийн газар Зүүн Азид тэлэх стратеги болох “Үндэсний бодлогын үндсэн зарчмууд”-ыг баталсан. Энэхүү төлөвлөгөө нь зөвхөн Хятадыг бүрэн эзлэхээс гадна Монгол болон Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтлохыг ч тусгасан байв. Ийм түрэмгий санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Токио 1936 оны 11 дүгээр сарын 25-нд “Антикоминтерний пакт” гэгчид гарын үсэг зурж, Берлиний дэмжлэгийг авсан нь Япон болон нацист Германы хоорондын цэрэг-улс төрийн холбооны эхлэл болсон юм.
1937 оны 6 дугаар сард Япон Хятадын эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлж, ингэснээр Москва, Токиогийн харилцаа улам хурцдав. Манай улс Хятадад тусламж үзүүлж байсан нь япончуудын дургүйцлийг төрүүлж, түрэмгийлэгч хүчээ харуулах зорилгоор Зөвлөлтийн эсрэг өдөөн хатгалга зохион байгуулахад хүргэсэн юм.
1938 оны 7 дугаар сард хурцадмал байдал Зөвлөлт-Манжуурын хил дээр зэвсэгт мөргөлдөөн болон хувирав. 7 дугаар сарын 28-нд Японы цэргүүд Хасан нуурын баруун эрэгт орших Безымянная, Заозёрная өндөрлөгүүдийг эзлэв. Үүний дараа өрнөсөн ширүүн тулалдааны явцад Зөвлөлтийн цэргүүд япончуудыг эзэлсэн өндөрлөгүүдээс нь шахан гаргасан юм.
Удалгүй түрэмгийлэгч дахин нэг өдөөн хатгалга үйлдэв. 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы цэргүүд БНМАУ-ын нутаг дэвсгэрт халдан орж, Халхын голын баруун эрэг дэх хилийн бүсийг эзэлсэн юм.
Зөвлөлт Холбоот Улс 1936 онд БНМАУ-тай байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж буй монгол нөхдөдөө туслахаар ирэв. Улаан армийн анги нэгтгэлүүд Халхын голд ирж, Монголын цэргүүдтэй хамтран тулалдсан. Георгий Жуков, Хорлоогийн Чойбалсан нарын командалсан Зөвлөлт-Монголын арми хүнд, ширүүн тулалдааны дараа дайсны үндсэн хүчийг амжилттай бүслэн устгасан юм.
1939 оны 8 дугаар сарын 28-нд Япон-Манжуурын цэргүүд бүслэгдэн устгагдав.
1939 оны 8 дугаар сарын 31 гэхэд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байлаа.
Квантуны армийн ялагдал сүйрлийн шинжтэй байв. Халхын голын ялалт нь олон улсын хэмжээнд чухал, алсын үр дагавартай байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар Дайны өмнөхөн хүчний харьцааг эрс өөрчилсөн юм. Зөвлөлт, Монголын цэргүүд дайсан болох Квантуны армиас давуу гэдгээ нотолж, япончууд манай Эх орон руу өргөн хэмжээний цэргийн довтолгоо хийх төлөвлөгөөнөөсөө татгалзахаас өөр аргагүй болсон билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад айлчлахын өмнө “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас /2024 оны 9 дүгээр сарын 2/:
"1939 оны зун буюу Монголын хувьд шийдвэрлэх чухал үед ЗХУ 1936 оны 3 дугаар сарын 12-ны Харилцан туслалцах протоколын дагуу холбоотны үүргээ үнэнчээр биелүүлж, Халхын голын тулалдаанд Японы түрэмгийллийг няцаахад тусламж хүссэн Монголын Засгийн газрын хүсэлтэд даруй хариу өгсөн юм.
Энэ тулалдаанд Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Улаан армийн 10 мянга гаруй цэрэг, дарга нар амь насаа өргөсөн."
Эх сурвалж: Посольство России в Монголии

