14 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилж, ХӨСҮТ сэрэмжлүүлэг гаргалаа
Энэ оны долдугаар сарын эхний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний тохиолдол 14,129 хүрээд байна гэж ХӨСҮТ мэдээллээ. Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь буюу 70.8 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа бол зарим нь бүрэн бус тун, вакцины насанд хүрээгүй, эсвэл вакцин хийлгэсэн ч халдвар авчээ. Иймээс 15 нас хүртэлх хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй нөхөн дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд эцэг, эхчүүдийг ойролцоох эмнэлэгт очиж вакцинд хамруулахыг уриалж байна.
Мөн баяр наадам, зугаалгын үеэр:
- Бага насны хүүхдийг халуун наранд удаан байлгахгүй байх
- Хоол хүнсний ариун цэврт онцгой анхаарах
- Гарын ариун цэвэрт байнга анхаарах зэрэг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж өгч байна.
Учир нь наршил, суулгалт, гэдэс толгой өвдөх зэрэг шинж тэмдэг нь гэдэсний халдвартай төстэй байдаг тул эцэг эхчүүд онцгой анхааралтай байх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ.