106 НАС СҮҮДРИЙГ ЗООГЛОЖ БУЙ ЦЭДЭНГИЙН ДУЛАМД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛГИЙГ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх жил бүр 100-аас дээш настай ахмад буурлууддаа гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай.
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн босгон дээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн хамгийн өндөр настан, эдүгээ 106 настай Цэдэнгийн Дулам гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Ц.Дулам гуай өдгөө Баянхонгор сумын Цагаанчулуут чулуут тавдугаар багт энх тунх, үр ач гучаа тойруулан дүүрэн өтгөн амьдарч байна. Хөдөлмөрийн насандаа сум орон нутгийнхаа нэгдэл, нийгмийн мал маллаж, сургуулийн гал тогоонд ажиллаж, олон мянган үрсийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж явсан түүхтэй нэгэн. 12 хүүхэд төрүүлсэн тэрбээр таван үеэ үзэж яваа буурал бөгөөд үр хүүхэд, ач зээ, гуч дөч нь 200 давж өнөр олуулаа болжээ.
Эрхэм буурал танд эрүүл энх, саруул сайныг хүсэн ерөөе.

