102 настай Б.Нанзад гуай Ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүртэв
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат өндөр настан эдүгээ 102 насыг хүрч яваа Б.Нанзад гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг Сэлэнгэ аймгийн засаг дарга гардуулан өгч хүндэтгэл үзүүлжээ.
Б.Нанзад гуай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1924 онд төрж улмаар төрөлх сумынхаа сургуульд насаараа багшилж, олон зуун шавь нараа эрдэм мэдлэгийн их далайд хөтлөн замчилж явжээ. Зүүнбүрэн сумын цэцэрлэгийг анх байгуулалцаж явсан тэрээр 5 хүү, 5 охин арван сайхан хүүхдийг эх орондоо өсгөн хүмүүжүүлсний зэрэгцээ тэдний үр хүүхэд, ач гуч нь одоо нийтдээ 200-г давсан өнөр олуулаа болоод буйгаа хуучиллаа. Түүний том охин нь 80 настай, хамгийн бага нь 60 насыг шүргэж яваа аж.

